Мэдээлэл

УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

УИХ-ын дарга З.Энхболд Турк Улсын ZTM корпорацийн захирал Муслум Гундузыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачилгаар Баян-Өлгий аймгийн төвөөс 30 гаруй км зайд Ногоон нуур сумын нутаг дэвсгэр “Тавалтайн хавцал” хэмээх газар 56 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих судалгааг Туркийн ZTM корпораци өөрийн хөрөнгөөр хийж дуусгасан бөгөөд одоогийн байдлаар Техник, Эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж байгаа юм. ZTM корпорацийн захирал Муслум Гундуз, УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд, компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулав.

Дэлгэрэнгүй...

ЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛОВ

Булган аймгийн Хутаг-өндөр суманд Эгийн гол дээр баригдах Эгийн голын УЦС Монгол Улсын Эрчим Хүчний системд маш чухал үүрэгтэй стратегийн ач холбогдолтой төдийгүй Байгаль орчинд ээлтэй төсөл юм. НҮБ-н Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Байгаль хамгаалах Монголын Тул сангаас зохион байгуулсан Усан цахилгаан станцын загас өнгөрүүлэх байгууламж улс орнуудын туршлага сэдэвт олон улсын хурал боллоо.

Дэлгэрэнгүй...

СЭХ-ИЙ ХЭРЭГЛЭЭГ 3 ДАХИН НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ

Нэгдсэн үндэстний байгууллагын эрдэмтдийн тооцоолсноор 2000-2010 оны хооронд хүлэмжийн хийн ялгарал 2.2 хувь байсан нь өнгөрсөн 30 жилийнхээс 1 хувь илүү байжээ. Нэгдсэн үндэстний байгууллагаас 50 жилдээ Хүлэмжийн хийн ялгарлыг 40-70 хувь бууруулан энэ зууны эцсээр 0 хувь хүргэж чадвал дэлхийн дулаарлын түвшин хэвийн хэмжээнд очих тооцоо хийсэн байна. Нэгдсэн үндэстний байгууллага олон улсын хэмжээнд Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг ойрын хугацаанд 3 дахин нэмэх шаардлагтайг онцоллоо.

ЭГИЙН ГОЛЫН ХӨНДИЙД АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ЭХЭЛЛЭЭ

Эгийн голын УЦС төслийн нэгжийн захиалгаар Эгийн голын ай сав газарт хийгдэх Археологийн судалгаа эхэллээ. Судалгааны багт ШУТИС-н Нийгмийн технологийн сургуулийн профессоруудын баг, ШУА-н Археологийн хүрээлэн, МУИС-ийн Улаанбаатар Их сургуулийн Археологийн тэнхим хамтран оролцож байна. Эгийн голын УЦС-ын усан сангийн талбай, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын трасын дагуу хайгуулын судалгаа хийж 500 гаруй түүх, археологийн олдвор илрүүлж тэмдэглэгээ хийжээ. Улмаар 2014 оны 4-р сараас 2 жилийн хугацаанд авран хамгаалах ажлыг хийхээр төлөвлөж байна.

ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Эгийн голын УЦС төслийн талбарт цаг уурын станц, усны харуул байгуулж хамтран ажиллах талаар Цаг уур,орчны шинжилгээний газрын дэд дарга Д.Цээсодоролцоо Байгаль орчин ус цаг уурын мэдээллийн архивын дарга М.Эрдэнэтуяа нартай Эгийн голын УЦС төслийн нэгжийн дэд захирал Г.Золбоо инженер Х.Мягмаржав нар уулзаж ярилцав. Талууд хамтран ажиллах санал нэг байгаа юм.

БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА НАРТ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагууд болох Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Үндэсний аудитын газрын дарга А.Зангад, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нар тус төслийн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Төслийн нэгжийнхэн хийж гүйцэтгэж байгаа ажлаа дэлгэрэнгүй тайлбарлаж, гарсан асуултуудад тодорхой хариултыг өгөв. Эгийн голын УЦС гэж яригдаад 20 гаран жил болж байгаа ч албан ёсоор төслийн нэгж байгуулагдан ажиллаж байгаа нь анхных бөгөөд богино хугацаанд шуурхай, үр дүнтэй ажиллаж байгааг ирсэн зочид хэлж, ажлын амжилт хүслээ.

АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

Хантай багийг нүүлгэн суурьшуулах Байгаль орчны асуудал, газрын харилцааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо. Булган аймгийн засаг дарга ажлын хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат удирдан явуулав. Эгийн голын УЦС төслийн нэгжийн дэд захирал Г.Золбоо танилцуулга хийж энэ онд хийгдэх ажил болон орон нутагтай холбоотой тулгарч буй асуудлаа танилцуулав. Ажлын хэсэгт орсон Булган аймгийн сум багийн засаг дарга нар орон нутагт байгаа байдлыг танилцуулж хоёр талаасаа санаачлагатай ажиллах, ажлын явцтай холбоотой эрх зүйн бичиг баримтуудыг шат шатандаа хурдан шуурхай шийдвэрлэж энэ төслийг хурдтай явуулах ажлыг хийхээр боллоо. Орон нутаг болон төслийн нэгжээс холбож ажиллах хүн томилж мэдээллийг шуурхай хүргэх цахилгаан дамжуулах агаарын шугам, авто замын ажил, Байгаль орчны болон Археологийн судалгааг энэ онд эхлүүлэхтэй холбогдуулан орон нутаг дэмжиж хамтран ажиллах санал дэвшүүллээ. Ажлын хэсгийн хуралдааныг орон нутаг, төслийн талбар болон аль шаардлагатай газар хийж байхаар болж засгийн газар орон нутгаас дэмжиж буй төслийн ажлыг хурдан шуурхай үр дүнтэй явуулахыг хэлэлцлээ.

ТӨСЛИЙН НЭГЖИД ЗОЧЛОВ

Монгол Улсын Диспетчерийн Үндэсний төвийн дэд дарга бөгөөд ерөнхий диспетчер Г.Балжинням нарын удирдлагын хүмүүс төслийн нэгжид ирж уулзалт хийв. Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийхдээ Г.Балжинням хэрэглээ дээд ачаалалдаа хүрсэн энэ үед том чадлын усан цахилгаан станцын ажил эхэлж байгаа энэ нь нийт системийн хувьд том хэмжээний горимын тохируулга хийхэд гол үүрэг гүйцэтгэх учир хурдан барих шаардлага байгаа. Эгийн голын УЦС ашиглалтанд орсон тохиолдолд нийт эрчим хүчний системийн хувьд эрүүлжиж олон улсын жишигт хүрэхийг онцолж эрчим хүчнийхэн энэ өдрийг олон жил хүлээж байгааг ч хэллээ. Өндөр чадлын Усан цахилгаан станц нь эрчим хүчний системийн аюулгүй найдвартай байдлын баталгаа тохируулагч гол хүчин болдог учир боломжтой бол хэд хэдэн усан цахилгаан станц хэрэгтэйг хэллээ. Монгол улсад сүүлийн үед баригдаж байгаа болон төлөвлөгдөж буй Цахилгаан станцууд нь нүүрснийх, том чадлын Усан цахилгаан станц нь ганцхан Эгийн голын УЦС өөрийн өртгөө богино хугацаанд нөхөхөөс гадна Монгол Улсын эрчим хүчний системийн гол тохируулагч болсноор эдийн засгийн ихээхэн үр ашиг авчрах юм.

Эгийн голын УЦС-ынХАН ТЭЦ-4 СТАНЦТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын эрчим хүчний гол хэрэглээг 4-р Цахилгаан станц хангадаг. Эгийн голын УЦС төслийн нэгжийнхэн энэ станцтай танилцаж уулзалт хийлээ. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж байгаа энэ үед станц хүчин чадлынхаа дээд ачааллаар ажиллаж байна. Оргил ачааллын үед ОХУ-с авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Эгийн голын УЦС ашиглалтад орсон тохиолдолд нийт цахилгаан эрчим хүчний горимын тохируулга хийгдэх боломжтой болж станцын ачаалал хөнгөрч, шөнийн цагт цахилгааны илүүдэл гарах нь багасаж ашигтай ажиллагаа нэмэгдэх талаар уг станцынхан ярьж байна. Төвийн эрчим хүчний системд хамтран ажиллах шаардлагатай хоёр станцынхны уулзалт ажил хэрэгч болж ТЭЦ-4 станцтай танилцаж улмаар олон жил хамтран ажиллах хоёр станцын үйл ажиллагааны эхлэлийг тавилаа.

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа